Өглөөний мэнд!
Арванхоёрдугаар сар догдлол дүүрэн эхэллээ. Энд тэндгүй гэрэлтсэн гацуурууд, хаа сайгүй эгшиглэсэн шинэ жилийн дуунууд… Ай даа, энэ сарын хамгийн гоё нь шинэ жилийн баярыг хүлээхэд л оршдог бололтой.
За ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил!
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
⚽Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси
Хөлбөмбөгийг улайран сонирхдоггүй байлаа ч та Лионель Мессиг мэдэхгүй бол гайхам хэрэг болох биз. Месси энэ жил ч мөн “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” шагналыг хүртэж долоо дахь удаагаа өөрийн чансааг батлан харуулжээ.
😎Виртуал хичээл
Теле хичээл, цахим хичээлийн араас виртуал хичээл дэлгэрэх нь дээ. Тодруулбал, Стэнфордын их сургууль анхны виртуал орчинд явагдах хичээлээ танилцуулсан юм. Киноноос хардаг байсан бүхэн бодит амьдрал дээр биеллээ олох цаг айсуй.
Эдгээр болон бусад онцлох сонин хачныг ЭНДЭЭС уншаарай.
🔋Манай улсын анхны хувьцаат банк
Өнгөрсөн долоо хоногийн онцлууштай үйл явдлын нэг нь Богд банк Монгол Улсын анхны нээлттэй хувьцаат банк болж буйгаа зарласан явдал байлаа. Тэд салбараасаа хамгийн түрүүнд IPO хийж байгаа нь энэ аж. Нэгж хувьцааны үнэ нь 2,540 төгрөг. Татан төвлөрүүлэх хөрөнгийн үнийн дүн нь одоогоор 68 хувь давсан харагдана лээ. За тэгээд банкинд хөрөнгө оруулалт хийх нь танд ямар ашигтай, алдагдалтай талаар ЭНДЭЭС уншвал зүгээр санагдсан.
🦠Омикрон манай улсад орж ирвэл яах вэ?
Хэцүү нэртийн шинэ хувилбараас сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг эхнээсээ хэрэгжүүлж байгааг мэдсэн байх. Нэмэлт тунгийн уриалга эрчимжиж, цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд энэ сарын 10-наас өөрчлөлт орох гэж байна. Түүнээс гадна шинэ хувилбар бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийд гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу 15 зочид буудлыг ажиглах байрны горимд шилжүүлж, эхнээсээ иргэдийг тусгаарлаж байгаа сурагтай.
🦷Тусгай хэрэгцээт иргэдийн шүдний эмнэлэг
Энэ сарын 3-ны өдөр “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож манай улсад тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхны шүдний кабинет нээлтээ хийжээ. Энэ тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
#ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙГ ТООГООР
322: Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр “ХДХВ/ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр” болж өнгөрсөн. Тэгвэл энэ оны аравдугаар сарын байдлаар манай улсад уг өвчний халдвартай 322 хүн байгаа гэнэ.
39: УИХ энэ сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх бөгөөд энэ дунд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл багтжээ.
11.5 мянга: Монголбанк болон бусад банкны эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг энэ оны эхний арван сарын байдлаар 11.5 мянган өрхөд олгосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 дахин өссөн үзүүлэлт.
150 мянга: Энэтхэг Улс “Астра Зенека” вакцины 150 мянган тун бүхий буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлжээ.
270 тэрбум: Эрүүл мэндийн даатгалын сангаас Ковид-19 өвчний хэвтэн эмчилгээнд энэ онд 270 тэрбум төгрөг зарцуулжээ.
#MAKE IT UNREAD
Онцлох–CAPEX: Дэлхийн зах зээлд нэвтрэх дижитал хөрөнгийн бирж
Түрүү долоо хоногт бид хоёрдогч зах зээлийн арилжаагаа нээсэн “CAPEX” дижитал хөрөнгийн биржийг онцолсон. Тэдний хувьд монгол төгрөгөөр Tesla, Apple, Microsoft зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааг худалдан авах боломжийг бий болгохоор зорьж байгаа юм. “CAPEX”-ийн тухай ЭНДЭЭС.
Мэдүүштэй–"Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021"-ийг тоймлох нь
“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор долоо дахь жилдээ зохиогдож буй энэхүү форум нь эрүүл, аюулгүй, хүн байгальдаа ээлтэй ирээдүйг цогцлооход бүх шатны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байв. Тус форумын үеэр хэлэлцсэн асуудал, шийдлийг ЭНД дарж уншаарай.
Би хэрхэн ажилладаг вэ?–"Мэнд" ХХК-ийн хамтран байгуулагч, "Care" төслийн үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөр
Оюутны ширээнээс ажлын талбарт хөл тавихдаа тэрээр дансандаа 34 сая төгрөгтэй баян оюутан байжээ. Бид түүнтэй ирээдүйн зорилго, алсын харааных нь тухай ярилцсан юм.
#ЗҮРХ ДАРЛАА
Авдрын ёроолоос: Амьтдын хэлийг ойлгох нь: Муур ба нохойн ертөнц
Ойрд би тэжээвэр амьтантай болох талаар нэлээн судалж байгаа юм. Амьтантай ойр өссөн дурсамж үгүй надад амьтан тэжээх сэдэл төрөх болсон шалтгаан нь ажлын хамт олон. Муур, нохой тэжээдэг хэд хэдэн хүн бий л дээ. Тэгээд л дээрх нийтлэлийг авдрын ёроолоос гаргаад ирлээ.
🎧Сонсох: Ed Sheeran & Elton John-Merry Christmas
Эд Шийран богино өмдтэй цасан охин болж, Элтон Жон Gucci-гээр гоёсон Санта болжээ. Шинэ жилээр сонсох дуу нэгээр нэмэгдлээ.
✨Сонирхох: 2021 оны Spotify шилдгүүд
Түрүү долоо хоногт хажуу ширээнд суудаг ажлын найз маань “Spotify дээр энэ жил би энэ дууг хамгийн их сонссон байна” гэсээр надад сонирхуулсан юм. Тэгвэл дэлхий нийтэд реппер Bad Bunny хоёр дахь жилдээ хамгийн олон удаа тоглогдсон уран бүтээлч болжээ.
Нээрэн та Spotify дээр ямар уран бүтээлчийг хамгийн их сонссон байна?
🤝Танилцах: “Money Heist” цувралын солонгос хувилбарт дүр бүтээх жүжигчид
Netflix-ийн алдарт “Money Heist” цувралын солонгос хувилбар 2022 онд гарахаар болсныг дуулсан байх. Үүнтэй холбогдуулж гол дүрийн жүжигчин Park Hae Soo үзэгчдэд видео мессеж илгээжээ. Бусад дүрд тоглох жүжигчдийн тухай ЭНДЭЭС.
🔎Үгийн сан: Агдам
Үнэнч, найдвартай; чийрэг, хүчтэй, хүдэр
Ташрамд дурдахад, Unread–ийн баг энэ сарыг #ДулааханСар, #December2Remember хэмээн нэрийдээд, шинэ жилтэй холбоотой сонирхолтой контентуудыг сайт болон сошиал хуудсуудаараа хүргэхээр төлөвлөж байна. Хамтдаа 12 дугаарыг сарыг дурсамж дүүрэн үдэцгээе!
Манай сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, Twitter, LinkedIn, YouTube
#ДулааханСар #December2Remember